
Тэрбээр 25 наснаасаа эхлэн удирдлагын түвшинд ажиллаж, Монголын санхүүгийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа арилжааны банк байгуулж, анхны банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулсан нэгэн билээ.



Би аливаа асуудлыг тойруулж, зөөллөж цаг алдахыг хүсдэггүй. Ингээд хэлбэл гомдох болов уу, хүмүүс яаж хүлээж авах бол, буруугаар ойлгогдох болов уу гэж цаг үрэх дүргүй. Би өөрийнхөө амьдралын цаг хором бүрийг үнэлдэг учраас энэ бол миний хувьд тансаглал. Магадгүй бусдад миний илэн далангуй, шударга байдал хүлээж авахад хэцүү байдаг байх. Харин надад бол худлаа ярих шаардлагагүй, юу гэж хэллээ гээд мартаж, санах асуудалгүй байдаг учраас стресс багатай, амар байдаг юм.
Миний ажиллаж ирсэн гол онцлог бол би ажилтнууд, харилцагчид, хувьцаа эзэмшигчидтэйгээ хамгийн нээлттэй, ил тод байж, хамтдаа хөгжинө гэдэгт итгэдэг. Тиймээс ч яван явсаар хэвлэл мэдээллийн салбарт хүртэл орчихоод байна.
Би Монголчууд бүгд хөрөнгө оруулагч болж байж, баян чинээлэг улс болно гэж итгэдэг. Үүнийгээ ч тасралтгүй ярьж, хэлж ирсэн.
Учир нь миний болон надаас дээш үеийн бизнес эрхлэгчид нэлээн хаалттай байх нь олонтоо. Ард нь хэн, ямар царайтай хүн байдаг нь ч мэдэгддэггүй олон бизнес байна. Миний хувьд анхнаасаа, 1998 оноос л хэвлэл мэдээлэлд нээлттэй, үзэл бодлоо ямар ч цензургүйгээр хуваалцаж ирсэн.

Зорилготой, зоригтой, зогсолтгүй байх ёстой гэж боддог. Нэгэн бизнемэн эрхэм намайг нэгэнтээ Duracell-н батарей шиг гэж зүйрлэж байсан. Durаcell батерэй цэнэгээ хамгийн удаан хадгалдаг гэдгээрээ алдартай. Эргэн тойрны хүмүүстээ эрч хүчээ хадгалах чадвартай, нойргүй яваад л байдаг, ядардаггүй, согтдоггүй гэж л харагддаг юм шиг байгаа юм. Тэгэхээр миний хувьд цэнэгээ алддаггүй, тууштай, зорилгынхоо төлөө өдөр шөнөгүй хөдөлдөг, мөн дээрээс нь зоригтой байх ёстой гэж хардаг.
Мэдээж эерэг манлайллыг үзүүлэхийн тулд хүн өөрөө асар том зорилготой байх ёстой. Зорилгын цаана хүн өөрийн амьдралын утга учрыг олчихсон байх ёстой. Яагаад, юуны төлөө амьдарч байгаа вэ? Мөн бодоод үзвэл амьдрал асар богинохон гэдгээ ойлгочихсон байхад гэмгүй.
Хий дэмий хоосон зүйлд үрэх цаг байхгүй гэдгээ би 25 настайдаа ойлгосон байх. Түүнээс хойш ганц ч зогсоогүй, хий хоосон эргээгүй. Надад хийцгүйрээд дэмий өнгөрүүлсэн өдөр гэж байдаггүй байх.
Онцлоод дурдахад хэцүү юм. Би Монголын хөрөнгийн бирж, Төв банк, Сангийн яам, хоршоо, банк бус, банк, мөн хөрөнгө оруулалтын компани гэхчлэн санхүүгийн салбарын бүх түвшинд ажилласан. Тэнгэр Санхүүгийн Нэгдлийг байгуулсан нь ч Монголд санхүүгийн нэгдэл гэдэг ойлголтыг анхлан гаргаж ирсэн явдал байсан. Тэнгэр гэсний учир нь 10 гэр буюу “Ten Ger” гэж байгаа юм. Одоогийн TenGer TV ч үүнээс үүдэлтэй. Хэдий ТэнГэр Санхүүгийн Нэгдлийг миний дараа татан буулгасан ч би яг түүнийг байгуулж байсан үзлээр TenGer TV-ийн нэрийг бодож байж өгсөн. Лого нь 10 дугуй буюу гэрийг бэлгэдэж, нэгдэн нийлж байж агуу зүйлийг бүтээнэ гэх санааг илэрхийлж буй. Монголчууд Эзэн Чингис хааныхаа доор нэгдэж, дэлхийг түйвээж байсан түүхтэй ард түмэн шүү дээ. Нууц товчоо чинь бизнес төлөвлөгөө. Тиймээс ч санхүүгийн хувьд, мөнгөний хувьд, технологийн хувьд нэгдэн нийлж чадвал бидэнд дахиад боломж байна гэж хардаг.
Миний хувьд хийсэн ажил бүрийнхээ эцсийг үзсээр ирсэн хүн. Банк байгуулна гэсэн, байгуулсан. Лизингийн компани байгуулна гэсэн, байгуулсан. Монголыг крипто үндэстэн болгоно гэсэн, хэлснээрээ одоо ч ажиллаж байна. Дуусаагүй.
Намайг анхны лизингийн компани, анхны тэтгэврийн сан, бүр Монголын ипотекийн корпорац (МИК)-ыг байгуулахад манлайлж оролцсон гэхэд итгэхгүй хүмүүс байж магадгүй. Гэхдээ би МИК-ын нэрийг нь өгч, анхны ТУЗ-ийн даргаар ажиллан, анхны гүйцэтгэх захирлыг нь ажилд авч байсан. Олон юм хийдэг болохоор хүмүүсийн толгой эргэдэг байх. Гэхдээ хэлсэн л бол хийдэг. Энэ зарчим бол миний амьдралын гол хөдөлгүүр. Тийм болохоор ямарваа зүйлийг хэлэхээсээ өмнө сайн боддог.

Уг нь энэ асуултад 3 биш 30 зүйлийг дурдмаар байгаа юм сан.
1️⃣ Би 1991 онд Монголын хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдах үеийн анхны ажилчдын нэг. Тэр цагаас хойш бүх амьдралаа мөнгө, санхүүгийн салбарт зориулж ирсэн. Тэр үед Монголд бичил зээлийн тухай ойлголт гэж байгаагүй. Хүмүүс бие биедээ мөнгө зээлэх, аль эсвэл ломбард руу ханддаг цаг үе байлаа. Улмаар бид ХасБанкны төслийг эхлүүлж, Монголчууд анхны хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээгээ ХасБанкнаас авч эхэлсэн. Үнэндээ ХААН Банк болон ХасБанкны өрсөлдөөн л Монголд жижиглэнгийн банкны зах зээлийг бий болгосон гэж хэлж болно.
ХасБанканд байхдаа Монголд анх удаа олон улсын санхүүгийн эх үүсвэрүүдийг татаж байсан. Тодруулбал, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD), Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC), Нидерландын Хөгжлийн Агентлаг (FMO)-н анхны Монгол дахь хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн.
Түүнээс хойш би нийтдээ 50 гаруй банк, хувийн хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт татсан байна.
2️⃣ 2009 онд бид Хятадын Шинжаанд хөрөнгө оруулалт хийж байсан. Онцолсон шалтгаан нь тухайн үед Монгол компани Хятадад санхүүгийн компани байгуулсан тохиолдол байгаагүй юм. Манай баг ер нь дандаа л анхдагч байсан. 2017 онд “Крипто үндэстэн” гэдэг хурлыг зохион байгуулж байхад Биткойн ердөө $3,000 байсан. Тэгэхэд би “Монгол айл бүр нэг биткойнтой болъё” гэж уриалж байв. Энэ жил Биткойн оргилдоо $125,000-т хүрлээ шүү дээ. Үүнээс миний зөв байсан гэдгийг харж болно. Эдгээр ажлуудыг мөнгөний шударга тогтолцоог бий болгохын төлөө хийж ирсэн. Ил тод, тэгш боломж, хүн бүрд хүртээмжтэй санхүүгийн системийг бүтээх нь миний 30 жилийн турш баримталж ирсэн философи.
3️⃣ Эдийн засаг 17% өсөөд унаж байсан тэр цагт би Ард Санхүүгийн Нэгдлээ босгож байлаа. Өнөөдөр манай Ард Санхүүгийн Нэгдлийн доор хамгийн олон буюу 12 нээлттэй компани байна. Бид Монголд анхны “reverse takeover”-уудыг хийсэн, анхны хувьцаагаа буцаан худалдан авсан компани, бодит хөрөнгийг анх удаа токенжуулах гэхчлэн мөс хагалж ирсэн. Мөн ArdCoin бол Монголын анхны бодит хэрэглээтэй токен.
2021 онд Монголын хөрөнгийн бирж 30 жилийн түүхэндээ анх удаа ашигтай ажиллахад ч манай компаниуд нийт арилжааны 70%-ийг дангаараа бүрдүүлж байсан. Энэ бол зүгээр тоо биш, бид системийг хөдөлгүүр байсны баталгаа. Товчхондоо би хөрөнгийн захаас карьераа эхэлж, одоо ч тэндээсээ хөдлөөгүй.

Том сургууль, алдартай ментор гэхээсээ илүүтэй амьдралын хүнд мөчүүд л намайг сорьж, хурцалсан. 19, 20 настай байхдаа аавыгаа алдаж, амьдрал мөнх биш гэдгийг мэдэрч байсан юм. Мэдээж миний бодол, харах өнцөгт маш их нөлөөлсөн. Бэрхийг туулахад бүтээгдсэн гэдэг үг надад их юм бодогдуулсан. Энэ үг өөрт нь уриа болчих юм бол хүн ямар ч хүнд биеийн болон сэтгэлийн бэрхийг дааж, даваад гарч чаддаг. Миний том хүү багадаа эмчийн алдаанаас болж тархины гэмтэлтэй төрсөн. Амьдралынхаа хамгийн том сорилттой тулсан үе. Хэрвээ үүнийг дааж чадаагүй бол өнөөдөр би энд сууж байхгүй байсан болов уу. Гэхдээ даваад гарсан. Түүнээс хойш надад “Би ямар ч зүйлийг давж чадна” гэсэн итгэл бий болсон юм.
Хүмүүсийн амьдралд асуудал зөндөө гардаг. Гэхдээ зарим хүмүүс яг тэр асуудалдаа хэт төвлөрөөд, эргүүлж тойруулаад л бодсоор байгаад амьдралаа барчихдаг. Харвардын нэг судалгаа бий. Яагаад ядуу хүн ядуугаараа үлддэг вэ гэхээр, өглөө бүр босоод “Би өнөөдөр яаж талхаа олох вэ?” гэж бодсоор байгаад орой болтол тэр л асуудлаа бодсоор дуусгадаг. Тэр хооронд гарч ирж байгаа боломж, нээгдэж байгаа хаалга, хөгжих орон зайг харахгүй өнгөрөөдөг.
Тэгэхээр чи асуудлаа бодоод, өөрийгөө өрөвдөөд сууж байвал хэзээ ч амжилтад хүрэхгүй.
Амжилт гэж юу вэ? Тэрийгээ хүн өөрөө хэмжих хэрэгтэй. Хэрвээ чиний хүсэж байгаа амжилт чамайг аз жаргалгүй болгож байвал тэр чинь амжилт биш.
Хэрэв өөрийгөө дарга боллоо, албан тушаалтай боллоо, хувийн амьдрал алга, найз нөхөд алга, өдөр шөнөгүй ажиллалаа гэж өрөвдөөд байвал, дарга байх ёсгүй л хүн гэсэн үг. Амжилт гэдэг чинь заавал том албан тушаалаар хэмжигдэхгүй. Хүн аз жаргалтай байх газартаа очсон л бол тэр нь амжилт. Тэгэхгүй бол 60 хүрээд мөнгөтэй болсон ч ганцаараа, эрүүл мэндгүй, дотроо хоосон сууж байвал туулсан бүхэн маань үнэ цэнтэй байсан уу гэж эргэлзэхээр. Нэг л удаа олдсон амьдралаа хэрэггүй зүйлд үрсэн хэрэг болно.
Зөөлөн, хялбар амьдралд хүн хурцлагддаггүй, харин бэрхшээл дунд л хүчирхэг болдог. Мөн доромжлол, гүтгэлэг, харлуулалт бүхэн намайг улам хүчтэй болгодог. Тэд намайг унагах гэж оролдож байхад би өглөө бүр босоод тэмцэхэд бэлэн байх нь зүйн хэрэг шүү дээ. Тэд бол миний дайсан биш, харин намайг хурцалж, бэлтгэж байгаа хүч юм.
Зарим хүмүүс миний тухай буруу төсөөлөлтэй байх нь олон. “Энэ хүн улс төр рүү орох гэж байна”, “гишүүн болно” гээд ярьцгаадаг. Гэтэл нөгөө талд нь би өөрийн замаар, өөрийнхөө зорилгыг л харж яваа. Хэн нэгний албан тушаалыг булааж авах гэж оролдоогүй, хэлсэн бүхнээ хийхээр зорьж яваа.

Би өглөөний хүн. Нойр хүрэхгүй бол босоод ажиллана, шөнө, орой санаа орж ирвэл суугаад бичнэ. Миний хувьд өглөө босоод дасгалаа хийж байсан ч, усанд орж байсан ч, шөнө орой орондоо орсон ч ажлаа бодож байдаг дутагдалтай. Аливаа ажлын том, жижиг нь хамаагүй эхлээд толгойд бүрэлдэж, зураглал гаргадаг. Дараа нь санаагаа том самбар дээр буулгах дуртай. Ер нь л өдөр бүр ажил дээрээ “санаа → самбар → бодит ажил” гэсэн хэмнэлтэй явдаг. Толгойд санаа орж ирвэл самбар дээр зурна, бичнэ, хүмүүстэйгээ болох нь уу, болохгүй нь уу гэж ярилцаад, итгэлтэй болбол хэрэгжүүлнэ. Тэгэхгүй бол шууд хаяна. Би самбар, цаасан дээр ажилладаг хүн. Мэдээж дижитал хэрэглээ байгаа ч одоо хүртэл цаас, үзгээсээ салдаггүй. Манай ТУЗ-ийн улирлын тайлан гэхэд 90 хуудас. Бүх хуудас дээр нь ноороглох жишээний.
Ажлын цагаа хэмжих юм бол, жишээ нь Давост 8 хонохдоо өдөрт 2, 3 цаг л унтдаг. Бусад бүх цагт нь хүмүүстэй уулзаж, хурал цуглаанд орж, Монголоо сурталчилж явсан. Би угаас нойргүй явах чадвар өндөртэй. Шаардлагатай бол нойргүй байсан ч яваад л байдаг. Нүүрэн дээрээ ядарснаа ил гаргадаггүй, архи уусан ч бай, унтаагүй ч бай, залуудаа тийм тэсвэртэй байхад суралцах хэрэгтэй гэж боддог. Одоо бол яалт ч үгүй хэцүү л дээ (Инээв).
Мөн гэр бүл, найз нөхдөд, хоббидоо цаг гаргах зайлшгүй шаардлага байдаг. Боломж гарвал мотоцикл унана үгүй бол цанаар гулгана.
Гэхдээ би хоббигоо ажил хийж байна л гэж боддог. Учир нь хүн стрессгүй байвал бүтээмж сайтай ажиллана.
Үүний тулд сайн амрах ёстой, аз жаргалтай байх ёстой. Хамгийн гол нь аз жаргалтай байвал өндөр бүтээмжтэй ажиллана. Ямар ажил хийсэн би ажлаа таашааж хийхийг хүсдэг.
25 наснаасаа хойш CEO хийсэн гэхээр бараг насаараа л удирдах түвшинд ажиллаж байна. Миний амьдралыг яг ойртоод харвал залхуутай байж магадгүй. Учир нь ажлын хуваарийн дагуу миний амьдрал 30, 30 минутаар 1, 1 цагаар хүмүүсийн гарт, удирдуулаад явчихдаг. Надад ажлаа хөнгөвчлөх нууц жор, арга байхгүй. Хурал хийх эхэндээ дуртай байсан ч одоо бол 12 нээлттэй компанийн, 45 компанийн бүх хуралд сууна гэхээр хэцүү. Мөн ТУЗ-ийн хуралд 30 жил 1 юмаа тоть шиг давтаж ярьсан болохоор хуралд суух дүргүй болсон.
Ер нь залуучуудад хэлэхэд амьдралыг хөнгөвчлөх гээд байх хэрэггүй гэж захимаар байна. Хийх ёстой юмыг яг хийж, алдаж, онож, шүүмжлүүлж сурах нь чухал.

Үгүй ээ яах вэ, ярина, сонсоно, уншина, явна, сонирхоно, сониуч байна. Тийм байхын тулд эрүүл байна. Эрүүл байхын тулд иога хийнэ, гүйнэ, марафонд оролцоно, медаль цуглуулна. Бусдаас энерги авна, мэдээлэл авна. Амжилтын түүхүүдийг унших, сонсох дуртай. Сонссон мэдсэнээ бусдад заах гэж хичээж явна.

Манай залуучуудын дийлэнх нь ажилд орохдоо “Би хэдийг авах билээ?” гэх бодолтой байх нь элбэг. Би хүнийг ажлаар нь, авьяасаар нь үнэлнэ. Худал сүржигнэх, имиж үүсгэх биш, үнэн сэтгэл, үнэн зорилгоор эхлэх хэрэгтэй. Мөн ажлын талбарт шүүмжлэл авахдаа хэт өөр дээрээ хүлээж авахаас илүү, үнэгүй сургалт гэж харвал зүгээр. Надаас шүүмжлэл авч байгаа бол түүнийг хэдэн мянган долларын сургалтыг үнэгүй авлаа гэж харах хэрэгтэй. Алдах, шүүмжлүүлэх, шоолуулах нь амжилтад хүрэх замын нэг хэсэг. Зорилгоо тодорхойл, зоригтой байж, зогсолтгүй ажилла.
Залуучууд аа, худал имиж үүсгэхээ боль, шударга, үнэнч бай. Итгэл үнэмшил дээрээ тулгуурлаж, өөрийгөө хөгжүүл. Мөнгө, нэр хүндийн араас хөөцөлдөж, шударга бусаар амжилтад хүрнэ гэж бодох хэрэггүй. Улс төрийн поп уриа, амлалт бол шоу. Жинхэнэ амжилт бол зөвхөн боловсрол, хүмүүжил, үнэт зүйлс дээр тулгуурлаж, дор бүрнээ шаргуу ажиллах замаар ирдэг. Бид бие биеэ шүүмжилж, гомдоллохоос илүүтэй суралцаж, сайжирч, хамтран ажиллах ёстой. Товчлох арга бол байхгүй.

Та хэдэн хүнтэй баг удирддаг вэ? 12-20


Дотоод
Гадаад
Сэтгэгдлүүд (0)