Бид блокчэйн, крипто, вэб3.0 зэрэг нэршлийг бид өдөр тутамдаа сонссоор багагүй хугацааг өнгөрүүлсэн бол сүүлийн үед стэйблкойны эргэн тойронд халуун яриа өрнөж буй. Манай улсын хувьд стэйблкойныг анх нэвтрүүлж, виртуал хөрөнгийн үйлчилгээг хялбарчилж буй Монгол Дифай компани Монгол Улсыг дэлхийн блокчэйны эдийн засагтай холбох гүүр болж, санхүүгийн үйлчилгээг дэвшилтэт хэлбэрээр хүргэх алсын хараатай. Тэдний хувьд одоогоор 1.5 тэрбум ширхэг MONT нэртэй стэйблкойныг зах зээл дээр гаргаж, аль хэдийн арван мянга гаруй эзэмшигчидтэй болжээ.
О.Мөнх-Оргил: Монголчууд койн, токеныг луйвар гэж харах хандлага өөрчлөгдсөн
- Монголчууд криптог сөрөг талаас нь харах болсон нь 2021 онд койн, токен гаргасан байгууллага, хувь хүмүүстэй холбоотой. Тэр үед хүмүүсийг уг бүтээгдэхүүнээ, салбараа ойлгож амжаагүй байхад нь хэт их шууруулсан үйл явдал нь койныг луйвар гэж харах хэмжээнд хүргэсэн. Бид койныг дэлхий нийт шиг үр ашгийг нь таньж харж чадахгүй байна. Биткойны тухайд өслөө, буурлаа гэхээр ойлгоод байгаа харагддаг. Тэгсэн хэрнээ дотоодын криптовалют гэвэл луйвар шүү, мөнгөө алдана гэж айцгаадаг. Өөрөөр хэлбэл, Монголчуудынхаа гаргасан койн, токеноос айдаг атлаа гадаадын крипто төслүүд рүү хөрөнгө оруулалт хийдэг. Одоогийн нөхцөл байдал ийм л байна. Гэхдээ сүүлийн үед дээрх хандлага бага багаар суларч байгаа нь ажиглагдаж байна.
Ц.Номин-Эрдэнэ: Хүн төрөлхтөн төлбөрийн дараагийн хэрэгслээ сонгоогүй байна
- Ер нь бид мөнгөний системийн дараагийн түвшинд шилжинэ гэсэн хүлээлттэй. Гол нь мөнгөний дараагийн төлбөрийн хэрэгсэл рүү шилжилт хийх үү гэдэг хамгийн гол асуудал хүлээлт үүсгэж байна гэсэн үг. Уг нь дараагийн төлбөрийн хэрэгслийг технологид тулгуурлаж хүлээн зөвшөөрч буй ч яг ямар бүтээгдэхүүнийг төлбөрийн хэрэгсэл болгох вэ гэдгийг нийтээрээ сонгоогүй байна. Мөнгөний хэрэгслийн томьёолол нь юу юм бэ. Тухайн газар нутагт амьдарч буй иргэд бүгд энэ бүтээгдэхүүн төлбөрийн хэрэгсэл мөн гэж сонгосон тохиолдолд л уг бүтээгдэхүүн төлбөрийн хэрэгсэл болно гэсэн үг. Тэгэхээр энэ тодорхойлолт руу жил ирэх тусам ойртож байна. Дөрвөн жилийн өмнө АНУ-ын Холбооны нөөцийн сангаас хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл гэдэг байсан. Тэгвэл одоо Санхүүгийн Зохицуулах Хорооноос цаашид криптовалют болон түүний боломжийн талаар сонирхон судалж эхлэх нь зөв гэсэн хандлагыг түгээж буй. Энэ зах зээлээс татварын орчин ч бүрдэх боломж бий. Дэлхийд банкны систем ноёлж, одоогоор 3.6 тэрбум иргэн банкны данстай байгаа бол 5.6 тэрбум иргэн гар утас хэрэглэж байна. Тэгэхээр гар утастай хүн бүхэн крипто үе гэгдэж буй мөнгөний төлбөрийн дараагийн хэрэгсэл буюу блокчэйн технологид суурилсан шинэ хэлбэр рүү шилжихэд бэлэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ямар нэг аппликэйшн татаад холбогдчих боломж илүү ойрхон байна. Нэг үгээр хэлбэл, тодорхой хугацааны дараа бид блокчэйнд суурилсан төлбөрийн систем рүү шилжихэд асуудал үүсэхээргүй нөхцөлд байна. Ингэхээр хиймэл оюун ухаан, крипто, блокчэйн технологи бидний ирээдүй болно. Үүнд хэн ч маргахгүй нөхцөлд байна.
М.Болортоль: Уламжлалт систем шинэ технологитой зохицох хуулийн зохицуулалт хэрэгтэй
- 2008 онд анхны крипто бирж, 2009 онд блокчэйн систем бий болсон. Амьдрал дээрх олон асуудлыг шийдэхийн тулд блокчэйн рүү шилжүүлэх тухай түлхүү ярьж байна. Мэдээж гоё ирээдүйтэй сонсогдож байгаа ч дэлхийн 5.6 тэрбум хүн энэ технологи руу шилжиж ашиглаж эхлэхэд ачааллаа даах уу, систем гацахгүй сайн ажиллаж чадах уу? Түүнчлэн хүмүүст хүртээмжтэй болгоход ямар шилжилт хийгдэх вэ гэдэг асуудлыг ч дагуулна. Тэгэхээр одоогоор 100 хувь ашиглахад төвөгтэй. Анх энэ технологийг хэн эзэмшиж байгаа нь мэдэгдэхгүйгээр ашиглуулъя гэсэн санаагаар гаргаж байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ санаа уламжлалт системтэй hybrid маягаар хоршиж ажиллахаас өөр аргагүй болж байна. Тиймээс нэн түрүүнд хуулийн зохицуулалтуудаа эртнээс хийх ёстой болно. Ерөнхийдөө эдгээр асуудлуудыг шийдчихвэл мөн илүү сайн санаачилгууд нэвтэрвэл блокчэйны бүх төрөл рүү шилжих боломжтой. Блокчэйн засагддаггүй, устдаггүй. Хэн нэгний эзэмшлийг өөр хүн удирдах боломжгүй учраас энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд уламжлалт аргатай хослуулах тухай ярьж байна. Жишээлбэл,одоогийн банкны систем бол таны дансыг банкнаас удирдаж байгаа бол шинэ технологид нэвтрүүлснээр хэн ч удирдахгүй. Та өөрөө л дансаа 100 хувь удирдана гэсэн үг. Тиймээс сургалт, танин мэдэхүйн ойлголтууд заавал түрүүлж хийгдэх зайлшгүй шаардлагатай. Үүнийг л төр бодлогоор зохицуулах ёстой болно.
Ц.Энхтүвшин: Энэ зах зээлийг хэрэглэгчид ойлготол багагүй хугацаа орно
- Стэйблкойн гэдэг нь энгийнээр хэлбэл блокчэйн технологийг ашиглаад бэлэн мөнгө шилжүүлэх боломжтой болгож буй хэрэгсэл юм. Үнийн хэлбэлзэл ихтэй зах зээлийг сааруулах нэг шийдэл нь стэйблкойн. Энэ койны захын томоохон төлөөлөгч нэг бол USD Tether (USDT) юм. Банкууд үүнийг хөрөнгийг баталгаажуулна гэж ярьдаг. Бусад улсад Tether стэйблкойн нь бусад стэйблкойнуудтай харьцуулахад илүү олон бирж дээр, олон криптовалюттай хослол үүсгэн арилжигддаг, ханш нь тогтвортой ам.доллартой 1:1 харьцаагаар үнэ нь баталгаажсан цахим мөнгө гэж ойлгож болно. Манайх Монголын анхны стэйблкойн болох MONT-ыг гаргасан. Гаргасан МONT-тойгоо ижил хэмжээний төгрөгийг банкинд байршуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, блокчэйны давуу талаар дамжуулан хэрэглэгчдэд дэлхийн хаанаас ч МONT болон USDT-ыг ямар ч саадгүйгээр нэг минутын дотор данснаас данс хооронд хурдан шилждэг гэсэн үг. Уламжлалт санхүүгийн үйлчилгээнд тухайлбал, Монгол Улс саарал жагсаалтад орсон үед Америкийн банкнуудаас доллар шилжүүлэх боломжгүй болчихдог. Шилжүүллээ гэхэд хоёр сарын дараа орж ирэх жишээтэй. Тэгвэл технологийн шинэчлэлээр стэйблкойн шууд шилждэг. Монголд энэ зах зээл айдастай, сайн хөгжөөгүй учраас зарим талаараа шинэ байна. Мөн энэ зах зээлийг хэрэглэгчид ойлготол багагүй хугацаа шаардагдана.
Ч.Ганхуяг: Ганц аппаар санхүүгийн хэрэгцээгээ цогцоор нь шийдэх боломжийг Ард Апп танд нээж өгөхийн төлөө 12 жил зүтгэлээ. Одоо тайлангаа тавих цаг иржээ!
Бид 1 сая гаруй хэрэглэгчтэй Ард Апп бол “супер апп”. Дэлхийд алдартай, нэр хүндтэй компаниудын шийдлийг нэгтгэн энэхүү Аппад багтаасан. Тухайлбал, Хятадын төлбөрийн системийн номер нэг Alipay, Монголынхоо бүх арилжааны банк, карт зэргийг нэгтгэсэн. Энэ нь биднийг дараагийн шатанд аваачиж байна. Санхүүгийн асуудлаа шийдэхэд олон алхам хэрэггүй. Ганц апплэйкшнаар цогцоор нь шийдэх боломжийг Ард Апп танд нээж өгөхийн төлөө 12 жил зүтгэлээ. Үр дүнгийн тайлангаа тавих цаг ийнхүү ирлээ. Монгол төгрөг 100 хувь чөлөөтэй хөрвөдөг болсон! Тэгээд зогсохгүй дэлхийн аль ч өнцөг булан дахь крипто хэтэвч рүү илгээгдэж байна. Нэг удаагийн гүйлгээний өртөг 1 долларыг 3,500 хуваасантай тэнцэх төгрөгөөр шилжиж байна. Энэ бол санхүүгийн зах зээлд хийсэн хувьсгал. Монголчууд санхүү, эдийн засгийн алдсан боломжоо нөхөөд авах ёстой. Шимтгэлгүйгээр шууд худалдаж авах боломж гарч байна гэсэн үг.
Сэтгэгдлүүд (0)