Хариуцлагатай уул уурхайгаас дижитал тусгаар тогтнол руу: AI Group-н алсын хараа

Ээлжит дугаарт Ард Инвестмент Групп буюу AI Group-ийн ТУЗ-ийн дарга П.Батбаяр оролцлоо. Энэхүү ярилцлагаар бид Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн шинэхэн байгуулсан AI Group-н үйл ажиллагаа, алсын харааны тухай сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

image

Ард Санхүүгийн Нэгдэл ХК өнгөрсөн жил Ард Инвестмент Групп буюу AI Group-г үүсгэн байгуулсан. Нэрээсээ л хиймэл оюун ухааны чиглэлд үйл ажиллагаа явуулах таамаглал үүсгээд буй. AI Group-г үүсгэн байгуулах болсон шалтгаан, үйл ажиллагааны чиглэл гэхчлэн дэлгэрэнгүй танилцуулна уу? 

Ард Санхүүгийн Нэгдэл ХК санхүүгийн салбарыг чамгүй олон жил түүчээлж, хувийн хэвшил дотроо ч технологийн шийдлүүдийг маш их өргөн хэлбэрээр ашиглаж ирсэн компани. Миний хувьд 2023-2025 онд Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн даргын ажлаа өгч, тус хугацаандаа Азийн Хөгжлийн Банканд хувийн хэвшлийн бизнес origination буюу шинэ төслүүд дээр зөвлөхөөр ажилласан. 

Ер нь бол манай нийгэмд маш олон асуудал байгаа. Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд эдгээр асуудлыг технологи, инновацаар шийдэх боломжийг тасралтгүй эрэлхийлж, хайж ирсэн.

Үүнээс үүдэж өнгөрсөн жил Ард Инвестмент Групп буюу AI Group-г байгуулж, 3 салбарт тодорхой шийдэл гарган, нийгэм, нийтээрээ хамтран асуудлаа шийдэхээр зорьж буй. 

Эхнийх нь эрчим хүч. Саяхан л гэхэд эрчим хүчний хомсдолд орж, хот даяараа л хэцүүхэн байлаа. Гэтэл нөгөө талд дэлхийн хөгжил AI-р тодорхойлогдож, энэ чиглэлд улс орнууд дата төвүүдийг эрчимтэй барьж байна. Тэгэхээр дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд бид эхлээд эрчим хүчний асуудлаа шийдэх гарцаагүй шаардлагатай байна.

2 дахь нь уул уурхай. Уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг гэдгийг бүгд мэддэг. ДНБ-ий 26%, экспортын 93%-ийг бүрдүүлдэг, эдийн засагт оролцоо өндөртэй салбар хэдий ч өнөөдрийг хүртэл 20 жилийн өмнөх асуудлууд бахь байдгаараа байсаар байна. Мөн янз бүрийн шалтгааны улмаас уул уурхайн салбарын нэр хүнд ч төдийлөн таатай биш, ухаж, төнхдөг мангас мэтээр харах өнцөг бий. 

Миний хувьд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны (ЕСБХБ) Лондон дахь төв салбарт 10 жилийн турш уул уурхайн салбарыг хариуцан ажилласан туршлагатай. Тиймээс Монголтой адил уул уурхайгаас хамааралтай орнуудад тулгардаг нийтлэг асуудлуудыг нэлээд сайн мэднэ. Тиймээс ч AI Group-н ТУЗ-ийн даргаар ажиллаж эхэлсэн. 

Эцэст нь 3 дахь чиглэл бол “Smart City” буюу ухаалаг хотын санаачилга. Хэдий бид Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний хомсдол гэхчлэн бүхий л асуудлыг шийдэж чадахгүй ч ногоон, сайн менежменттэй, жишиг хотын загвар бүтээхээр ажиллаж байгаа. 

Өнгөрсөн 7 хоногт AI Group уул уурхайд санхүү-технологийн инновацыг нэвтрүүлэхээ зарласан. AI Group-н тодорхойлсон 3 салбарт уул уурхай багтаж байгаагаас харахад, тус групп AI Group-н дор үйл ажиллагаа явуулах бололтой. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 

Юун түрүүнд Ард Майнинг Групп орд ухахгүй, олборлохгүй. Харин хариуцлагатай уул уурхайн компаниудыг технологи, санхүүгийн хамгийн оновчтой шийдлээр дэмжих платформ юм. Платформ гэсний учир нь уул уурхайн компаниуд, нутгийн иргэд, санхүүжүүлэгч, зохицуулагчдыг нэгтгэж, уялдаа холбоотой ажиллах боломжийг бүрдүүлж ажиллах юм. 

Хариуцлагатай уул уурхай гэдэг ойлголт Монголд 2006 оноос яригдаж эхэлсэн ч бодит утгаараа бүрэн хэрэгжиж чадахгүй явсаар байна. Ялангуяа орон нутгийн иргэдийн оролцоо, ойлголцол, тухайн төслийн үйл ажиллагаа, үр өгөөжид нөлөөлсөөр ирсэн. Энэ асуудлыг бүрэн шийдэхгүй явснаас болж нэг талд уул уурхайн компаниуд, нөгөө талд нь орон нутгийн иргэд дайсагнасан нөхцөл байдал үүссэн тохиолдол цөөнгүй гардаг. 

Тэгэхээр Ард Майнинг Групп 1-рт, хариуцлагатай уул уурхайн компаниудад санхүүжилтийн боломж нээж өгөх, 2-рт, орон нутгийн иргэдийн оролцоог бодитоор нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. 

Үүний нэг хэлбэр нь тухайн төслийг хэрэгжүүлж буй компанийн хувьцааг эзэмших, эсвэл токенжуулах байдлаар шийдэх боломжтой. Ингэснээр иргэд компанийн бодлого, засаглал, стратегийн түвшинд оролцох боломж бүрдэхийн зэрэгцээ төслийн үр өгөөжийг бүрэн хүртэх боломжтой болох юм.

Мэдээж энэ бүхний суурь нь өнгөрсөн 10 гаруй жил бүтээсэн Ард Санхүүгийн Нэгдлийн дэд бүтэц. Жишээ нь яваандаа уул уурхайн компаниуд нээлттэй болох хүсэлтэй байлаа гэхэд бидэнд UBX гээд бирж нь байна. Мөн санхүүгийн үйлчилгээний өргөн сүлжээтэй андеррайтер компани, хараат бус медиа групп, крипто бирж гэхчлэн хариуцлагатай уул уурхайн компаниуд хувьцаа, токены алиныг нь ч сонгох бүрэн боломжтой. Гол зорилго нь уул уурхайн компаниудын хариуцлага, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төслүүдээ амжилттай урагшлуулж, үр өгөөжийг нь хүртэх. 

Эцсийн дүндээ орон нутгийн иргэд уул уурхайн төслийг эсэргүүцдэг гол шалтгаан нь мэдээлэл дутуу, хомс, ойлголтын зөрүү, мэдээж зарим компаниудын хариуцлагагүй байдал нөлөөлж байгаа шүү дээ.  

Орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын хоорондын зөрчил уул уурхайн төслүүдийг гацаадаг кейс чамгүй олон. Зарим кейсүүд дээр орон нутгийн иргэд бус гуравдагч талын оролцоо асуудлыг дэвэргэх хандлагатай байдаг. Таны хувийн туршлагаас харахад Монгол болон бусад уул уурхайг түшиглэсэн орнуудад оролцогч талуудын харилцааны динамик ямархуу байдаг вэ?  

Иймэрхүү үл ойлголцол үүсдэг гол шалтгаан нь оролцогч талуудын бодит оролцоог хангахгүй байгаатай шууд холбоотой. Үүн дээр нэмээд мэдээллийг үнэн зөв, ойлгомжтой байдлаар хүргэдэггүй нь асуудлыг улам хурцатгадаг. Өмнө нь ЕСБХБ-д Төв Азийн бүсийг хариуцан ажиллаж байхдаа газрын тос, хийн төслүүд дээр манайхтай ижил кейс түгээмэл давтагдаж байхыг ажигласан. 

Хувийн туршлагаасаа хэлэхэд, төр бодлогоо зөв тайлбарлаагүй, төсөл хэрэгжүүлэгч компани орон нутгийн иргэдтэй тогтмол, ил тод харилцаа үүсгээгүй, иргэдийн дуу хоолойг бодитоор сонсохгүй байх нь үл ойлголцол үүсгэж, дайсагнал руу хөтөлдөг.

Жишээ нь Киргизстанд 4,000 метрийн өндөрт, мөнх цаст уулын бүсэд орших “Kumtor Gold” хэмээх томоохон алтны уурхайн төсөл бий. Уг төсөлд Канад компани хөрөнгө оруулж, олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт амжилтай татаж чадсан. Энэ төрлийн төсөлд хөрөнгө оруулж буй банк, санхүүгийн байгууллагууд зөвхөн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ шаардахаас гадна орон нутгийн иргэдийн бодит хэрэгцээ, болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээг анхнаас нь тодорхой, ойлгомжтой төлөвлөхийг хатуу шаарддаг. Түүнчлэн орон нутгийн иргэдээс санал авч, байгаль орчин, нийгмийн мониторингийг жил бүр газар дээр нь хийдэг. Үүнд санхүүжүүлэгч байгууллагуудын төлөөлөл, орон нутгийн захиргаа, төсөл хэрэгжүүлэгч компани, иргэд бүгд оролцдог.

Тухайн төслөөс онцлох 1 жишээ нь цоохор ирвэс хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Уг ховордсон амьтныг хамгаалах тусгай хөтөлбөр хэрэгжүүлснээр компани орон нутгийн иргэдийн дэмжлэгийг авч, иргэдийн хамтын ажиллагаа сайжирсан. Мөн уг төсөл ЕСБХБ-ны Байгаль орчин, нийгмийн шагналыг 2 ч удаа хүртсэн удаатай.

Сүүлийн жилүүдэд “Creating shared value” буюу хамтын үнэ цэн бүтээх ойлголт улам чухал болж байна. Энэ нь аливаа компани ашиг олохоос илүүтэй нийгэм, байгаль орчны асуудлыг хамтад нь шийдвэрлэснээр урт хугацааны үнэ цэн бүтээхийг хэлж байгаа юм. Ашгаас илүү нийгмийн үнэ цэн гэхээр поп сонсогдож магадгүй. Гэсэн ч ийм компаниуд олон нийтийн дэмжлэгийг авч, зах зээлийн өрсөлдөөнд ч тодорхой хэмжээний давуу байдлыг олж авдаг.  

Орон нутгийн иргэдийг төслийн хувьцаа эзэмшигч болгох нь шинэ ойлголт биш. Харин үүнийг хэрхэн бодитой, технологийн шийдэлтэйгээр хэрэгжүүлэх вэ гэдэг чухал. Бидэнд хандаж буй компаниуд ч аль болох хурдан шийдэл гаргаж өгөхийг хүсэж буй. Үүнийг хамгийн хурдан хийх зам бол уул уурхайн компаниудын хувьцааг токенжуулах явдал. Энэ чиглэлд бид хамтран ажиллахад бэлэн байгаа. 

Сүүлийн жилүүдэд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санал, санаачилга идэвхтэй гарч, уул уурхайн компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаардаг болж байна. Гэсэн ч нутгийн иргэдтэй сайн холбоотой, үр өгөөжтэй хамтран ажиллах ойлголт дийлэнх компаниудын хувьд тэтгэлэг өгөх, наадмыг нь зохион байгуулах гэхчлэн гүехэн түвшинд байгаа мэт харагддаг. Тэгвэл орон нутгийн иргэд болон уул уурхайн компани ямар байдлаар хамтран ажиллавал аль аль тал нь бодитой үр өгөөж хүртэх вэ? 

Мэдээж уул уурхайн компаниуд орон нутгийн иргэд рүү чиглэсэн түгээмэл хэд хэд ажлуудыг хийдэг. Муулж байгаа юм биш шүү. Гэхдээ дийлэнхдээ гол асуудлаа шийдэхгүй байна гэж хардаг.  Гол асуудал нь орон нутгийн иргэд тухайн компанийн бизнес төлөвлөгөө, стратеги, гол шийдвэрүүдэд оролцож чадахгүй байгаа явдал. Тэгэхээр орон нутгийн иргэдийн оролцоог бодитоор хангая гэвэл хувьцаа эзэмшигчээ болгох хэрэгтэй. Хувьцаа эзэмшигч болно гэдэг нь ашиг хүртээд л сууж байна гэсэн үг биш. Хувьцаа эзэмшигчдийн хуралдаа орно, зөв шийдвэр гаргахын тулд улирлын тайлангаа хянаж, хардаг болно, урт хугацаандаа юу хийх вэ, хаашаа явах вэ гэдэг стратеги төлөвлөөгөө мэддэг, анхаардаг болно. 

Өөрөөр бол ашиг нь ч биднийх, алдагдал нь ч биднийх гээд 1 завин дээр гаргаж байгаа хэрэг.

Дор хаяж л нутгийн иргэд өөрсдийнхөө төлөөллийг сонгоод компанийн ТУЗ-д оруулахад шийдвэр гаргалт, оролцоо тал дээр бодит өөрчлөлт гарна гэж харж байгаа. 

Та яриандаа уул уурхайн компаниудын хувьцааг токенжуулах нь хамгийн хурдан шийдэл хэмээлээ. Зохицуулалтын орчин нь хэр байгаа вэ? 

Одоогоор үүнийг СЗХ сэндбокс орчинд туршиж байгаа. Ард Майнинг Группийн хувьд дан ганц хувийн компаниудаар хязгаарлахгүйгээр төрийн компаниудтай ажиллахад ч нээлттэй байгаа. Уул уурхайн томоохон төсөл, компаниудын дийлэнх нь ТӨК-иудын удирдлагад явж буй. Тэгсэн мөртөө иргэд яг бодитоор үр шимийг нь хүртэх тал дээр нэлээн асуудалтай байдгийг та бүхэн мэдэх биз ээ. Томоохон жишээ нь 1072 хувьцаа шүү дээ. Хоёрдогч зах зээлийн арилжаанд орж, бүртгэлтэй болохгүй бол хоосон нэрнээс цаашгүй. Ний нуугүй ярихад, дэлхий нийтээр цэвэр эрчим хүч рүү шилжиж буй энэ цаг мөчид нүүрсний төслүүд маань IPO хийх улам л хүндрэлтэй болж байгаа. Үүний оронд Binance ч дээр ч юм уу токенжуулаад гаргачихвал илүү ашигтай байх боломжтой. Учир нь Доналд Трамп Америкийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос үүдэлтэйгээр крипто биржүүд нэмээд нүүрсний төслүүдийг тодорхой хэмжээнд дэмжих болсон. Нэг талаас ирэх 3 жилд Доналд Трампын нөлөөгөөр манайх шиг нүүрснээс хамааралтай орнуудад зах зээл дээр боломж гарч ирж байгаа. Тэгэхээр бидэнд цаг үеэ мэдэрсэн шийдэл хэрэгтэй. Үүнээс ч чухал зүйл нь шийдвэр гаргах. Одоогоор крипто болон блокчэйний экосистем, тэр дундаа токенжуулалт, ялангуяа алт зэрэг түүхий эдийн токенууд идэвхтэй хөгжиж байна.

Харин томоохон уул уурхайн компаниуд өөрсдийн токеноо албан ёсоор гаргаж эхлээгүй байна. Гэсэн ч цаашид энэ чиглэл рүү шилжих нь зайлшгүй гэж харж байгаа. Тэгэхээр бид заавал дэлхийгээс хоцорч, трэндийн араас явах бус боломжтой бол зэрэгцээд, бүр түрүүлж алхах эрмэлзэлтэй байх ёстой. Яг энэ уул уурхайн компаниудын хувьцааг токенжуулах шийдлийн хувьд бидэнд технологийн шийдэл нь байна, хойш татах зүйл алга. Тиймээс хууль, журмынх нь хүрээнд хийх ёстой.  

Нөгөө талаас, манайд элбэг байдаг ч олон улсын хөрөнгө оруулагчдын төдийлөн таашаадаггүй  нүүрсний төслүүд дээрээ санхүүжилт татах томоохон боломж. Жишээлбэл, Эрдэнэс Тавантолгой шиг том төсөл энэ чиглэлд орж ирвэл зах зээлд нэлээд том нөлөө үзүүлэх боломжтой. Тиймээс бидэнд боломж байгааг хараад зогсохгүй, түүнийг бодитоор хэрэгжүүлэх талаар бодож, зоригтой алхах хэрэгтэй.

Компаниудын хувьцааг токенжуулна гэдгийг энгийнээр тайлбарлавал? Мөн хэр хэмжээний хувьцааг олон нийтэд санал болгох вэ? Тухайн компанид нутгийн иргэд бодитоор нөлөө бүхий оролцох боломжийг хангасан хувь хэмжээ байх уу? 

Компаниудын хувьцааг токенжуулна гэдгийг энгийнээр тайлбарлавал, тухайн компанийн өмчийн эрхийг дижитал хэлбэрт шилжүүлж, блокчейн дээр бүртгэгдсэн токенээр дамжуулан эзэмшүүлэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл уламжлалт хувьцаатай ижил утгатай ч, илүү ил тод, шилжүүлэхэд хялбар, олон нийтэд хүртээмжтэй хэлбэр юм.

Харин хэр хэмжээний хувьцааг олон нийтэд санал болгох вэ гэдэг нь тухайн төслийн онцлогоос шууд хамаарна. Бидний байр суурь бол, хэрэв төсөл хэрэгжүүлэгч байгууллага орон нутгийн иргэдийг бодитоор оролцуулж, нөлөө бүхий оролцогч болгоё гэж зорьж байгаа бол дор хаяж 5%–10%-ийн хувьцаа буюу токеныг санал болгох нь зүйтэй. Зарим тохиолдолд энэ түүнээс ч өндөр байж болно. Мэдээж хэтэрхий бага хувь санал болговол нутгийн иргэдэд ТУЗ-д төлөөлөл оруулах, бодлогын түвшинд нөлөөлөх боломж бодитой үүсэхгүй.

Энд гол нь зөвхөн “хувь өгсөн” мэт харагдах бус, тухайн хувь нь компанийн засаглал, бодлого, стратегид дуу хоолойгоо хүргэх боломжтой байх ёстой.

Хэрэв компани өөрийгөө үнэхээр хариуцлагатай уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч гэж үзэж байгаа бол тухайн бүс нутгийн баялгийг орон нутгийн иргэд нь бодитоор эзэмших боломжийг нээж өгөх нь зүйтэй. 

Үүнд бид өөрсдийн дэд бүтэц, мэргэжлийн зөвлөгөөгөөр дэмжин хамтран ажиллах боломжтой.

Эцсийн дүндээ энэ бол нэг талын шийдвэр биш. Төсөл хэрэгжүүлэгч компани, орон нутгийн иргэд, мөн бидэн шиг дундын зуучлагч байгууллагууд хамт сууж ярилцан, аль аль талдаа бодит өгөөжтэй, урт хугацаанд тогтвортой загварыг тохиролцох асуудал юм.  

Тэгэхээр компаниуд өөрийн хувьцаагаа нутгийн иргэдэд токенжуулж, эзэмшүүлснээр ямар үр дүн гарна гэж харж байгаа вэ? 

Хамгийн эхний өөрчлөлт нь оролцогч талууд нэгдсэн байр суурьтай болно. Өмнө нь төсөл хэрэгжүүлэгч компани, орон нутгийн иргэд 2 тийш харчихсан, зарим тохиолдолд дайсагнасан харилцаатай байдаг байсан бол 1 завинд суучхаж байгаа юм. Ингэснээр тухайн төсөл орон нутагт ямар үр өгөөж авчрах, ямар эрсдэл дагуулах, цаашдын хөгжлийн замнал нь юу байх вэ гэдгийг иргэд илүү ойлгомжтой, бодит мэдээлэл дээр үндэслэн хүлээж авдаг болно. Өнөөдрийн ханш ямар байна, 2 жилийн дараа хайгуулаас олборлолт руу шилжихэд компанийн үнэлгээ хэрхэн өөрчлөгдөх боломжтой вэ, үйлдвэр ашиглалтад орсноор токен эсвэл хувьцааны үнэ цэнэ яаж өсөх вэ гэхчлэн илүү ахисан түвшинд харилцдаг, ярилцдаг болно. 

Жишээлбэл, хайгуулаас олборлогч статус руу шилжихэд компанийн үнэлгээ дор хаяж 10 дахин өсдөг жишээ элбэг байдаг. Тиймээс нутгийн иргэд хөндлөнгийн ажиглагч биш “Энэ бол миний, бидний төсөл” гэсэн ойлголттой болох нь хамгийн чухал. Үүний зэрэгцээ ашиг, боломжийн хажуугаар эрсдэлүүдийг ч нуухгүй, хамтдаа ярилцаж, шийдвэрлэдэг орчин бүрдэнэ.

Хамгийн чухал нь бүх талуудын ойлголцол, зорилго 1 цэгт байснаар үл ойлголцол, эсэргүүцэл багасаж, төслийн хэрэгжилт илүү тогтвортой болно шүү дээ. Энэ бол нэг удаагийн хандив, наадам зохиохоос огт өөр, урт хугацааны бодит дэмжлэг, үр нөлөөг авчрах юм. Бүр цаашлаад, уул уурхайгаас орж ирж буй орлого бодитоор иргэдэд наалддаг, орон нутгийнхаа эдийн засгийг дэмжих ч боломжтой. 

Мэдээж энэ бол амархан шийдэл биш. Гэхдээ бид энэ платформыг бий болгосон шалтгаан нь орон нутгийн иргэд бүрэн, зөв мэдээлэл авах, төслийг хэрэгжүүлэгч компани төслөө илүү хурдан, хариуцлагатай хэрэгжүүлэх, улмаар “баялагтаа эзэн байх” ойлголтыг бодит хөрсөн дээр буулгах явдал. Ингэснээр “shared value” буюу хамтын үнэ цэнийг бүтээнэ. Төсөл зогсоох оролдлого, гаднын нөлөөлөл гарсан ч орон нутгийн иргэд “алдагдал нь ч биднийх, ашиг нь ч биднийх” гэсэн байр сууринаас төслөө хамгаалж, үр ашигтайгаар урагшлуулах сонирхолтой болно. Харин төслийн үр өгөөж нь ногдол ашиг, үйлдвэрлэлийн ашиг, эсвэл орон нутагт хэрэгтэй дэд бүтэц, эрчим хүч, сургууль, цэцэрлэгийг барих зэрэг ямар ч хэлбэрээр илэрч болно. Гол нь нутгийн иргэдэд энэ бүх  эрхийг нь хариуцлага, үүргийн хамт өгч байгаа юм. 

Ярилцлагынхаа төгсгөлд AI Group-ийн алсын харааны талаар ярилцъя. AI Group эрчим хүч, хариуцлагатай уул уурхай, ухаалаг хот гэсэн 3 салбарт төвлөрөн ажиллах юм байна. Эдгээр салбарт хийхээр зорьж ажлууд болон хүлээлт гэхчлэн алсын харааг хуваалцвал?

Ухаалаг хотын тухайд бид маш олон хувилбарыг зэрэг судалж байна. Мэдээж хувийн жижиг компани дангаараа Улаанбаатар хотын бүх асуудлыг шийдэж чадахгүй. Гэсэн ч загвар хотхон байгуулж, тодорхой шийдлүүдийг гарган, бодитой туршиж үзүүлэх боломжтой гэж харж байгаа.

Эрчим хүч, уул уурхай, ухаалаг хот гэсэн эдгээр 3 салбар нь хоорондоо салшгүй холбоотой. Тогтвортой уул уурхай явуулахын тулд тогтвортой эрчим хүчтэй байх ёстой. Эрчим хүчгүйгээр дата төв , дижитал дэд бүтэц, ухаалаг хотын суурь бүрдэх боломжгүй. Харин эдгээр суурь дэд бүтэц бүрдэж байж ухаалаг хот бодитоор хөгжих нөхцөл бүрдэнэ. Энэ 3 салбар бол өнөөдөр Монгол Улсад тулгараад байгаа хамгийн чухал нийгэм, эдийн засгийн асуудлууд юм.

AI Group-н хувьд нөөц бололцоогоо ашиглаад аль аль чиглэлд талуудтай хамтарч ажиллах, санхүү, бизнес төлөвлөгөө, олон нийттэй харилцах, ил тод байдал, засаглалын хувьд дэмжихэд төвлөрч ажиллана. 

1 компани бүх асуудлыг шийдэж чадахгүй ч “ice breaker” буюу хэн нэгэн нь зайлшгүй мөс ханзалж, ядаж жим гаргах л хэрэгтэй. Харин тэр ханзалсан жимийг компаниуд, ард иргэд, зохицуулагчид дэмжиж, зам болгон өргөсгөөд явбал бүх нийтээрээ хөгжих боломжтой.

Эцсийн зорилго бол их энгийн. Монгол хүн Монголдоо сайхан амьдрах, хөгжих нөхцөлийг бүрдүүлж, бодитоор баялагтаа эзэн байх. 

 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 20, 07:23

    Ардад хэрхэн

    featured
    2022 оны 02 сарын 21, 20:00

    QR код гэж юу вэ?

    featured
    2022 оны 02 сарын 25, 20:00

    Монголын хамгийн том шагналын сантай Альфа урамшуулалд амжиж оролцоорой

    featured
    2022 оны 03 сарын 1, 20:00

    Хэлэлцүүлгийн тойм: Тэтгэврийн шинэчлэлийн эргэн тойронд