Зөвхөн үнийн өсөлт гэлтгүй блокчэйн технологи бидний мэдэх олон уламжлалт байдлыг өөрчилж буй нь улам л тодорхой болж байна. Дэлхий дахины эмх замбараагүй байдал, хиймэл оюуны хувьсгал, институцын хөрөнгө оруулалт гээд олон шалтгаанаас улбаалан блокчэйн технологийн хөгжил хурдаа авсаар л. Харамсалтай нь, бид энэ бүхнээс ахиад л хоцорч үлдэх эрсдэлтэй тулаад байна. Иймд бид алдаагаа цэгнэж, цаашид хэрхэх тухайгаа ярилцаж, нэгдсэн нэг зорилго дор урагшлах хэрэгтэй.

Сайн мэдээ гэвэл, цаг алдалгүй хөдөлж чадвал бидэнд боломж байгаа хэвээр. Блокчэйнээс гадна краудфандинг, тойрог эдийн засаг, интернэтийн эд зүйлс зэрэг хуулиараа ч бүрэн зохицуулж амжаагүй, өөрсдөө ч сайтар ухаж ойлгоогүй олон технологитой хоршин амьдарч буй энэ үед хиймэл оюун юу юунаас илүүтэй хүчийг авч буй.

Бидний мэдэх бүхнийг тэр чигт нь өөрчилж байгаа энэхүү хиймэл оюуны технологид нэн шаардлагатай зүйл бол дата төвүүд. Манай улсын хувьд өргөн уудам нутагтай, жилийн хагасаас илүүд нь сэрүүн уур амьсгалтай, сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй гэдэг утгаараа дата төвүүдийг бий болгох хамгийн тохиромжтой орон юм.