Өнгөрсөн долоо хоногт “Ulaanbaatar Blockchain Week 2025” зохион байгуулагдаж, 10 орчим байршилд 20 гаруй арга хэмжээ өрнөлөө. Блокчэйний эрдэм шинжилгээний хурлаас эхлээд Web3 тоглоом бүтээх хакатон, стэйблкойны хэлэлцүүлэг ч болов.
Энэ дундаас манай редакц “Цахим Алт” номын гуравдугаар хувилбарыг шинэчлэн хэвлүүлснийг онцлон дурдах хэрэгтэй болов уу. Хэрэв уншигч та Биткойн, блокчэйн, криптовалют зэрэг ойлголтуудыг ул суурьтай ойлгохыг хүсвэл энэхүү номыг маань Интерномын салбаруудаас худалдан авч уншаарай.
Блокчэйнээр амьсгалсан ийм нэгэн долоо хоногийг хааж, сониныхоо 66 дахь дугаарыг энэ долоо хоногийн бямба гараг буюу 12-р сарын 6-нд болох ес дэх удаагийн “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганыг угтан бүтээлээ. Ингэхдээ хөрөнгө оруулалт болон блокчэйн технологийн огтлолцох цэг токенжуулалтыг гол дүрээ болгож байна.
Бид хөрөнгө оруулалт хэчнээн чухал болохыг амьдралын алхам тутамдаа мэдэрч буй ч уламжлалт хөрөнгө оруулалтын салбарт хэд хэдэн сул тал бий. Жишээ нь, хувьцаагаа зарлаа гэж бодоход мөнгөө авах гэж хэд хоног хүлээх, зарим нэг хөрөнгө оруулалтын хэрэгслийг ашиглахын тулд заавал их хэмжээний мөнгөтэй байх гэхчлэн төрөл бүрийн бэрхшээлүүд тулгардаг.
Дэлхий нийт дуу нэгтэйгээр энэ бүгдийг токенжуулалт шийдэх боломжтой гэж үзэж буй. Тиймдээ ч энэ жилийн крипто болон санхүүгийн салбарын хамгийн халуухан сэдвүүдийн нэг нь токенжуулалт байв. Токенжуулалтын ачаар хөрөнгө оруулалтын зах зээл нь дундын зуучлагч нарыг халж улмаар урьд өмнө нь байгаагүй хурдан шуурхай, зардал багатай, ил тод болж байна.
Энэ бүгд цахим авдар (Ав+Дар)-тай яаж холбогдож байгааг уншигч та гайхаж магадгүй. Энэ нь их энгийн. Бидний хөрөнгө оруулах зан төлөв өдрөөс өдөрт улам цахимжиж буй бөгөөд дээхэн үед бид бүгд өөрсдийн гэсэн авдартай түүндээ үнэтэй бүхнээ хадгалдаг байсан шиг удахгүй хүн бүр цахим авдартай болох учиртай.
Уг авдарт тань үл хөдлөх хөрөнгөөс эхлээд бонд, хувьцаа зэрэг бүх төрлийн хөрөнгийн токенжуулсан цахим хувилбар хадгалагдах бөгөөд та өөрийн энэ хөрөнгөө хүссэн үедээ дундын зуучлагчгүй зарах, арилжих боломжтой гэсэн үг.
Хэдийн хаяанд ирсэн энэхүү ирээдүйг илүү ойлгоход сонины энэ дугаар тусална гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдлүүд (0)