Энэхүү дугаарыг бэлтгэж байх үед биткойны ханш түүхэндээ анх удаа 125,000 долларыг давав.
Өнгөрсөн жилээс эхлэн институцийн хөрөнгө оруулагчдад улам нээлттэй болж, бусад хөрөнгө оруулалтын хэрэгслийн адил дүрэм журмаа хангах болсон нь энэ өсөлтийн нэгэн том шалтгаан. Өөр нэгэн шалтгаан бол мэдээж улс орнуудын хандлага. Дэлхийн хамгийн том гүрнүүдийн нэг болох АНУ-ын Ерөнхийлөгч Трампаас эхлээд биткойн болон бусад криптовалютыг дэмджэг, үүнийг ирээдүй мөн хэмээн цохон тодорхойлдог улс төрчид олон. Тиймдээ ч тэдний гаргаж буй улс төрийн шийдвэрүүд криптовалютын ус, тосыг ялгаж өгсөөр.
Монгол Улсын хувьд нэгэн үе крипто халуурал болж, 50 орчим койн зах зээлд анхлан арилжаалах үе шат (ICO)-даа л гэхэд нийт 1 их наяд төгрөгийг босгож байв. Хараа хяналтгүй тэлж, тэгэх замдаа иргэдийг хохироох нь ихсэх болсон тул Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох журам, дүрмийг баталснаар үүссэн хөөснүүд нэг нэгээрээ хагарсаар өнөөдөр криптогийн тухай ярьдаг хүн бараг л үлдсэнгүй.
Уг нь бид тэртээ 2017 онд Крипто Үндэстэн болох тухай шат шатандаа ярьж байлаа. Гэтэл өнөөдөр криптог ашиглах бус үүгээр дамжуулан хурдан хугацаанд ашиг хийхийг хүссэн хэсэг бүлэг хүмүүст ашиглуулаад, энэ салбарт итгэх итгэлээ гээжээ.
Бид криптог богино хугацаанд мөнгөө үржүүлэх боломж гэж хардгаас биш блокчэйн технологи болон түүнтэй холбогдох инновацууд бидний амьдралыг хэрхэн өөрчлөх тухай даанч хомс мэдэж байна. Ийм ч учраас технологи, бизнесийн агуулгыг тогтмол бүтээдэг манай редакцын хувьд крипто салбар нэгэн чухал сэдэв байсаар ирсэн билээ.
Тэр ч утгаараа бид долоо хоног тутмын сониныхоо 19-р дугаарыг “Биткойн эрийн цээнд хүрэв” хэмээн нэрийдэж байсан бол энэ дугаараа “Цахилж яваа цахим алт” хэмээн нэрлэлээ. Улмаах дэлхий дахины хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон дотоодын зах зээлд амжилтаараа манлайлсаар байгаа Ардкойныг онцлон бүтээв. Таны мэдлэгт тусаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Мэдээж энэхүү дугаарын агуулга нь ямар нэгэн санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд уншигч таныг хорвоо ертөнцийг өөрчилсөөр байгаа энэхүү технологийн талаар мэдлэгтэй байгаасай хэмээн бүтээсэн гэдгийг дахин сануулъя.
Шинэ дугаараа шимтэн уншаарай.
Сэтгэгдлүүд (0)